Эмээдээ зориулав.
“Эмээ гэдэг үг яг л
гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
-Хэзээд ч хэн ч ирээд та өөрийнхөө тухай
яриач гэвэл би эмээ болсоноос өнөөдрийг хүртэлх мөчийг ярина. Яагаад гэвэл
хамгийн их амар амгалан, баяр баяслыг эмээ болоод л мэдэрч эхэлсэн
шүү дээ.-
Н.Халихаан
Нүүрээрээ дүүрэн мэнгэтэй, залуу бүсгүйнх
шиг улаан туяа татсан хацартай мөртлөө цог нь унаж, сааралтсан
нүдээрээ хааяа инээж, хааяа уурлаж, заримдаа бүр гомдож суудаг тэр
нэгэн...
Нэг суувал босох гэж хэдэн минут, босчихвол
суух гэж хэдэн хором хагас суугаагаараа саатдаг энэ жижигхэн бөгтгөр эмээ
хэрхэн амьдралын замаар аялаж ирсэний өчүүхэн хэсгийг нүдээрээ үзэж, чихээрээ
сонсож, сэтгэлээр мэдэрснээрээ хөрөг татья.
Халихаан гэж утга нь ч тодорхойгүй нэртэй
бяцхан бор эмээ 1943 онд Баян-Өлгий аймгийн Толбо суманд Нугман хэмээх хар бор
ажилд гаршсан нэгэн казак залуугийн бага охин болон мэндэлсэн юм. Үнэндээ эмээ
минь хэдэн сарын хэдний өдөр төрснөө ч яг таг мэддэггүй. “Ямартай ч өвс ногоо
дэлбээгээ нээж, дулаан цаг ирж байсан үе гэхээр таван сарын сүүлээр л
төрсөн бололтойдог” гэж эртний түүх судлаж байгаа аятай бодол болон суудаг юм..
Тэгэж байгаад л өнөөх гандсан нүд гэнэт
сэргэж гялалзан надруу хараад: “Эмээ нь чиний аавыг арван жилээ ч
төгсөөгүй жаахан бацаан байхад Уулын цэрэгжүүлсэн аврах ангид лаборант
хийдэг, залуучуудыг хуйлруулдаг гунхсан сайхан хүүхэн байлаа шүү дээ” гэж
инээд алдана.
Түүнийг өөрийнхөө тухай яриач гэхэд: 1966 онд
ээж, 1992 онд эмээ, 2005онд элэнц эмээ болсон нь миний амьдралын итгэл,
урам зориг, утга учир юм шүү дээ.
Залуу үеийг нь хамтдаа туулсан найзууд,
хөршүүд нь эмээгий минь сэргэлэн цовоо, үнэнч шударга, хэлэх гэснээ шууд л
хэлчихдэг жинхэнэ хээгүй сайхан бүсгүй байсныг дурсдаг. Эмээ минь залуугаасаа л
гургалдай шиг сайхан хоолойгоор найр бүрийн жаврыг үргээж, бусдын хайрыг хүртэх
нь гайхалтай. “Актамак” гэж дууны эхний бадгийг найранд ирсэн Монгол
түмэнд зориулж -Хөөрхөн төрсөн
чамтайгаа учирснаас хойш санан санан суух боллоо- гээд л тэгснээ казак
олондоо зориулж -сенин сулу актамак..- гэж хундага хагалам цээлхэн,
цангинасан дуугаар дуулж гарна даа. Харин энэ авьяасыг нэг хүүгийнх нь
хоёр хүүхэд хоёулаа хуулаад төрчихсөн нь сонин.
Ийм ч болохоор Налайхын найранд цугласан
түмэн эмээг минь андахгүйээ. Сүүлдээ монгол казак гэлгүй бүгд л дагаад
дуулчихсан, халсан хэд нь дуулах үеэр нь бүжиж гарна. Майжыж, арай ядан
алхдаг эмээ ч нэг мэдэхэд хөлөө мартан эргэлдэж өгнө дөө.
Одоо бодохнээ түмнийг ингэж хөгжөөж байхдаа
хэнд ч хэлж зүрхэлдэггүй гуниг, харуусал нь бага ч гэсэн тайлагддаг байсан
шиг...
Ер нь өвөө ч, аав ч эмээгийн
тухай ярихдаа их л хатуу чанга, хэр барагтаа нурахгүй хүн дээ гэж
хэлдэгсэн. Намайг өсөж томорч түүнийг ажих бүрт энэ батлагдаад л
байсан...
Учир нь эмээгээ уйлж байхыг би 18 жил
амьдрахдаа гурав дөрвөн удаа л харснаа санадаг. Тэгээд л түүнийг ерөөсөө
зовж шаналхыг мэддэггүй хүн гэж санаж явсан, үүндээ одоо жаахан эмзэглэж
л байна.
Хамгийн анх эмээгээ уйлахыг харахад зуны
нарлаг өдөр.... Гэхдээ бид бүхний сэтгэлд хар үүл бүрхсэн
байсансан... Энэ бол эмээгийн минь 50 жил ханилсан ханиа алдсан үе... Эцэг эх,
үр хүүхэд магадгүй өөрийгөө алдсанаасаа ч илүү сэтгэл нь нурж байсныг тод
санаж байна.
Би эмээгээсээ залуугийн амьдралынх нь
тухай шалж шалж нэг удаа яриулж билээ. Гэхдээ түүнийг тэгж
шанална гэж санаагүй... Яагаад гэвэл манай өвөө их хатуу чанга, нэлээд
балгачихдаг, балгачихаараа агсан гэж жигтэйхэн байж. Эмээг минь бага охин
дээрээ дөнгөж няраалаад удаагүй байхад агсам тавьж, гар хүрсэнд гүйгээд очих
төрхөм байсан ч биш ганц ах дээрээ очьё гэхэд эмэгтэй л хүний бардам, басхүү
бусдыг зовоочихно гэсэн хат сэтгэлээр өвлийн хүйтэнд нялх үрээ тэврэн нүүрсний
амбаарт хонож байсан гэдэг. Ямар их зориг байгаа вэ? Яасан их хат вэ?
Ийм хатуу амьдралд явахдаа ч тэр нөхрө,
хүүхдүүдээ орхисонгүй. Бүр ханийхаа хоолыг хийж, хүүхдүүдийнхээ хувцсыг
угаах гэж хамгийн хайртай, хамгийн бахархалтай ажлаа орхиж гэрийн авгай
болсон юм.
Хийсэн хоол, угаасан хувцас,цэвэрлэсэн гэр
гээд алхам бүрийг нь өөчилж, гоочилж суудаг өвөөг минь тэр хэзээ ч хэнд ч муу
хэлж, гомдоллож байсангүй. Хамгийн гол нь орхиогүй... Орхьё гэсэн ч хар
нялхаасаа өнчирсөн эмээд минь гүйгээд очих, гомдоллоод ярих садан даана ч
цөөхөн байсан даа.
Казак түмэн ер нь их нэр хүндийг эрхэмлэдэг.
Өөрийн удамд, өөрийн амьдралд хэрүүл маргаан, салалт, хагацал гээд ямар л
муугаа хэнд ч үзүүлэх учиргүй гэдэг. Ийм ч учраас эмээ минь тэр олон жил дотроо
нурж явсан биз ээ...
Хэдий ийм боловч тэр 50 жил ханилсан ханиа
тэнгэрт одоход өөрт өгч байсан бүх л цохилт, хатуу үгсийг хэзээ ч байгаагүй юм
шиг эхэр татан нулимс асгаруулж билээ.
Харин дараа нь нэг уйлсан нь хамгийн
том хүүтэй нь холбоотой. Энэ бол Миний хамгийн хайртай авга ах, насаараа
ганц бие явж, архинд орж, эцэг эхийнхээ хажууд мөнхийн хүү хэвээр байсан юм.
Энэ намайг төрөхөөс ч өмнө болсон зүйл
байлаа. Ахын маань анхны бас сүүлийн хайрыг эмээ минь тэр үед залуу хадам
ээжийн зангаар дургүйцэн, суулгаагүй юм гэнэлээ. Гэвч кинон дээр гардаг шиг л
өнөөх бүсгүй ахын маань хүүхдийг тээж байж.. Гэвч тэдний хэн хэн нь мэдэлгүй
хагацлын замаар одоцгоосон.. Оросод сургууль төгссөн цэмбэгэр сайхан залуу энэ
л хагацлаас хойш бор дарсны боол болсон юм... Энэ миний эмээгийн насаараа
шаналж яваа ганц алдаа нь... Хүүгийнхээ тэр хайрыг сүүлийнх гэж даана ч
санаагүй биз. Ээж л хүн болсон хойно боловсролтой чадвартай хүүдээ тэр
хэмжээний хань олно гэж бат шийдсэн байсан байх.. Ингээд ах минь өвөөг
өнгөрснөөс хойш гэнэт харваж, хэвтэрт ороод үг хэлж, идэж ууж ч чадахгүй байхыг
харахдаа эмээ минь асгартал уйлж, хэдэн өдөр нойргүй хонож билээ. 50 гарсан
хүүгийнхээ толгойг үнэрлэн асгартал уйлах 70 гарсан эмгэн....
Тэд хамтдаа өтөлж байлаа.
Миний харсан, мэдэрсэн нь л энэ болохоос биш
эмээ минь ер нь сэтгэл дотроо мөн ч их усгүй нулимс урсгаж явсан байх..
Энийг нь мэддэг болохоор ч тэр үү эмээгийн
хамгийн хайртай ач нь би юм шиг байгаа юм. очих бүрт олон ачаасаа нууж хааж
нөгөө өрөөндөө оруулж миний хүү чихэр авч идээрэй гээд тэтгэвэрийн хэдэн
цааснаасаа өөрөөсөө ч нууж хадгалсан 5,10 төгрөг өгдөг. Хөөрхий минь дээ байдаг
бол бүгдэд нь л өгөх байсан биз....
Эмээ минь ер нь өвдлөө, ядарлаа, өмссөнгүй
зүүсэнгүй гэж ханьдаа ч, хүүхдүүддээ ч гомдоллож байхыг би ер үзээгүй. Дөрвөн
охин нь гуйж, загнаж янз янз болж байж арай гэж нэг хувцас авч өгнө. Тэрийгээ
өмсөхгүй ээ. Ноорхой хар хөх дээлээ өмсчихөөд л шкафандаа хадгалчихна эсвэл
хөрш эмгэчүүлдээ дурсгачихна. Ийм л хайнга, шунал гээчийг мартсан хүн
дээ.
Харин өвдсөн ядарснаа нууж явдагаасаа болж
саяхан нэг баларсан даа. Зүрх нь гэнэт муудаж ухаан алдаж унасан. Унахдаа
хаалга мөргөснөөс болж хацар нүүр нь хөхөрчихсөн жижигхэн бор эмээгээ
эмнэлэгийн орон дээр харахдаа танихын аргагүй турчихсаныг сая ажлаа. Ингэж
бодож зогстол эмээ сэрээд: "Өө миний охин ирээ юу" гээд алганы хөлс
нь шингэтэл тас атгасан 10000 төгрөг гаргаж ирээд "Май миний хүү амттай юм
авч идээрэй" гээд л өнөөх сурсан зангаараа... Би ч бас "Үгүй ээ үгүй.
Би явлаа эмээ" гээд нулимсаа харуулахгүй гэсэндээ гарах гэтэл
"Авахгүй бол эмээ нь уйллаа шүү" гээд л жаахан охин шиг эрхэлж харж
билээ. Өтөлж хөгширлөө гэж бодож явсан эмээ минь харин ч бүр нялхарчихжээ.
Намайг цэцэрлэгийн жаахан охин шиг санаж
чихэр авч идээрэй гэж хэлдэг цорын ганц хүн бол энэ л жижигхэн бор эмээ
минь юм...
Бичсэн: Т.Жанна
2015 он