Нүд...
Нүд хардаг.
Чих сонсдог.
Ам ярьдаг.
Бид бүгдэд ийм ойлголт бий. Гэхдээ үнэхээр нүд гэгч
эрхтэн л хардаг гэж үү? Ер нь харах гэж юу юм бэ? Би харах гэдгийг өмнөө байгаа зүйлийг дүрслэх
гэхээс илүүтэй хүлээн авах үйл явц гэж ойлгодог. Хүлээн авах гэдэг нь тухайн
зүйлийг тодорхой үнэлж, дүгнэж, хариу үйлдэл үзүүлэхүйцээр ухамсарлах болов уу.
Үнэн хэрэгтээ бидний ухаан бодол, сэтгэл мэдрэмж л харж, ярьж, сонсож тэр
битгий хэл үнэрлэнэ. Үүнийг тайлбарлах их амархан. Надад юүдэнтэй малгай
өмссөн, сул өмдтэй залуу хайр татам, жинхэнэ эр хүн шиг харагдаж байхад өөр нэг
бүсгүйн нүдээр үзэшгүй муухай, эрийн шинжгүй нэгэн байдаг. Уул нь ойлголт ёсоор бол бид хоёрт адилхан л
үнэлэмж мэдрэмж өгөх учиртайсан.. Яагаад гэвэл бидний хэн хэн нь давхраагүй
хоёр нүдтэй.. Бүр өнгө нь ч адил, байдаг л нүднүүд... Гэтэл түүний зэвүүг хүргэм залуу надад сэтгэл
булаам харагдах болсны учир юу вэ? Энэ бол нүд хардаггүйн илрэл... Нүд бол
бодит биет болон бодит бус санаа бодлыг
яг түүгээр нь дүрслэн гаргагч хэрэгсэл болохоос хардаг нь биш. Хүний мэдрэмж,
ухаан бодол үүнийг үнэлж боловсруулан, жинхэнэ утгаар хардаг...
Сохор хүн ч харж чаддаг, дүлий хүн ч сонсож
чаддаг. Энэ бол миний бичээд, таны уншаад байгаа нүд бол
ердөө дамжуулах хэрэгсэл гэсний нэг
илрэл... Нүд юу хүссэнээ л хардаг. Харах боломжтой, харагдаж байгааг нь биш
ердөө хүссэнээ л.... Миний нүдэнд туссан чулуу, өөр нэгэнд алмаз эрдэнэ болж, таны
харцанд туссан шарилж, минийхд сарнай ч
болж үзэгдэж мэднэ. Учир нь нүдэнд биш нүдээр дамжуулж харж, үнэлж, мэдэрч,
ухаарч байгаа тэрхүү ухаан бодол, сэтгэл мэдрэмжийн ялгаанд байгаа юм.
“Тийм сайхан залуу яаж тэр хачин охиныг тоосон
юм бол оо?” энэ асуултыг та их л сонссон байх. Үнэн хэрэгтээ “хачин” гэдэг нь тэр
нэгний л харж байгаа нь.. Өнөөх залуугийн хувьд тэр хорвоогийн хамгийн сайхан
бүсгүй ч юм билүү.
Түүнчлэн Нүдний
харж байгааг “мэдрэмж”-ээс гадна “мэдлэг”-тэй
холбох учиртай. Мэддэг хүнд аливаа зүйл өөр харагдах нь мэдээж... Учир нь
мэднэ гэдэг аливаа зүйлийн мөн чанарыг таних...
Өчигдөрхөн хоёр найзад
минь ийм зүйл тохиолдсон юм. Манай багшийн
өмсөөд ирсэн шинэхэн гутал тэдний нүдэнд яаж туссан тухай юм л даа. Тэр хоёрын
нэг нь ирээд “Багш бүхэл бүтэн 800,000-ын арьсан гутал өмсчихсөн байна шүү дээ.
Энэ их чанартай” гэж ярьлаа. Харин удалгүй нөгөөх нь ирээд “Багш шинэ гутал
авсан юм бол олигтойхон юм авахгүй дээ. Хачин цулгуй, хямдхан юм өмсөж явах юм аа” гэлээ. Энэ л ярианаас хүн юу байгааг нь биш юу хүсч
чадхаараа бас юу мэдэх хүрээндээ л хардаг юм байна гэсэн бяцхан дүгнэлтэд
хүрсэн юм.
Тиймээс юу
харахыг хүснэ тэр хэмжээний мэдлэгт басхүү сэтгэлд хүр. Аливааг сайхнаар харах сэтгэлийн хүч чадалгүй
байж ямагт сайн сайхныг хүсэж, шаардаж, нэхэж явдаг олон хүнтэй таарсан. Сайхан гэж юу болохыг таньж мэдээгүй
цагт хичнээн сая сайхан зүйл хажууханд,
бүр хамар доор байсан ч харж чадна гэж үү? Мэдээж үгүй. Учир нь тэр
сайхныг харсан ч ойлгохгүй, таарсан ч
танихгүй юм хойно сайхан гээч нь хэзээ ч ирэхгүйгээс ялгаагүй.
Хэрэв энэ бодол ёсоор минь
байвал өнөөгийн хүмүүсийн харж байгаа зүйлс төдийлөн эерэг, таатай биш байна.
Аль болох л мууг, муухайг харчихаад байх юм. Үнэхээр бидний эргэн тойрондоо
харж чадах, харагдах зүйлсийх нь хүрээ
ийм байна уу? Эсвэл бидний харахыг хүссэн нь бас харж чадах мэдлэгийн
хэмжээ нь муу муухай дотроо л эргэлдсээр байгаа юм болов уу? Уул нь харахыг
хүсэж, таньж мэдэх л юм бол сайн нь муугаасаа их шүү дээ. Ер нь би хүмүүсийг сайхан нүдтэй байснаас
сайханыг олж хардаг нүдтэй байсан нь дээр гэж боддог.
Гэхдээ олон залуус нүднийхээ харах зүйлд биш харагдах
байдалд нь л их анхаараад байх шиг... Хичнээн
сайхан өнгөөр будаж, сормуус чинь урт, нүд чинь алаг байлаа гээд та ертөнцийг,
амьдралыг бас өөрийгөө тэр хэмжээнд харна гэсэн үг биш. Гол нь ухаардаг,
үнэлдэг, дүгнэдэг дотоод нүд чинь сайн сайхныг хаанаас ч хэзээд ч олоод
харчихдаг байвал “нүд” өөрийн үүргээ биелүүлж байгаа нь тэр...
Ер нь хүн төрөлхтөн их баян.
Бидэнд бодох, хүсэх, харах, сонсох гээд асар их боломж бий... Гэхдээ асар их
гэдэг нь хягааргүй гэсэн үг биш ээ. Энэ бүхний хязгаар нь “мэдлэг”. Хэр их мэддэг байна тэр хэмжээгээрээ хүсдэг... Тиймээс худал ч байж болох өнгөн дүрсийг биш,
өнгөгүй ч хамаагүй дотоод үнэнийг хүсдэг, хардаг, ойлгодог
байгаасай. Хамгийн гол нь үнэнийг хүсэх хэмжээний мэдлэг, мэдрэмжтэй байгаасай.
Зүгээр л орчлон ертөнцийн хэн бүхэн сайхныг хардаг
нүдтэй, сэтгэлтэй, итгэлтэй
байгаасай....
Бичсэн: Т.Жанна
Улаанбаатар хот
2015 он
Сайхан нийтлэл болжээ
ReplyDelete