Сурвалжилсан тэмдэглэл..
Нийслэлийн
алслагдсан дүүргүүдийн нэг Налайх.
Налайх гэхээр хүн бүрт нүүр харагдам
гялтганасан хар нүүрс, аль хэдийн хаасан өвгөн уурхай бодогдоно. Үнэхээр
ч энэ дүүргийн 3000 гаруй хүний гэрэл гэгээтэй амьдрал ахуй эндээс л эхэлдэг
байсан. Харин одоо тэртээд хөглөрөх хогийн цэгийн дэргэдэх “хар нүх”-ээс
амьдрал ундрах шиг... Хар нүх гэж өнөөх нүүрс гаргадаг амыг хэлж байгаа юм. Энэ
дүүрэгт нийт 158 уурхайн ам бий. 1000 гаруй хүн ажилладаг гэхээр
олон айлын хоолыг залгадаг “буянтан” гэлтэй.
Халуун дулаан жаргалаа мэдэрч, мэдрүүлэхээр хүйтэн жаварт
даарахаа мартаж, нүүрснээс ялгагдахгүй болсон хар гар хаа сайгүй бас зогсоо
зайгүй ажилладаг. Энэ дунд Батбаяр ажилладаг юм.
“Би энэ уурхайд ажиллаад найман жил болж байна. Аюултай,
хүнд хэцүү гээд ухрах аргагүй амьдралдаа дасчихжээ. Үр хүүхэд эхнэрийг минь энэ
л гялтганасан хар нүүрс ундтай байлгадагт юм шүү” гэж тэрбээр яриад эхлэнэ.
Налайхынхаан гэж ийм л хүмүүс.
Уурхайчин залуу гэрийн эзэгтэйн намуухан дуунаар үүрийн
таван цагт арай ядан босоод гурав, дөрвөн удаа нөхөж оёсон халтар цамцаа углаж,
хар цайгаа яаруу, сандруу залгиад л “хар нүх”-рүү алхана. Тэрбээр хайртай
бүхнийхээ төлөө ингэж л явдаг. Тэд ганцхан нарийн утсаар бүсэлхийгээ ороон
уяна. Энэ нь хамгаалалтын бэхэлгээ юм гэнэ. Ингээд л дор хаяж далаас наян
метрийн гүнрүү шурган орцгоодог. Өнөөх л мөнгө, хоолны төлөө шүү дээ. Үүнийг
хараад зүрх урагдах шиг. Гэхдээ энэ гүн харанхуй хонгил Батбаяр болоод түүнтэй
ижил олон зуун уурхайчны “жаргалд” хүрэх зам болжээ.
Өдрийн хоолны цаг болтол өглөө залгилсан бүлээн хар цай
нь хоол болж, харануй дунд дуулган дахь бүдэгхэн гэрэл даган амьд гарч ирэхсэн
гэж битүүхэн залбиран залбирсаар жоотуугаа барьж ажил эхэлнэ. Хүйтэн салхинд
бээлийтэй, бээлийгүй олон хар гар нүүрсээ ч ухаж, нүүрээ ч дулаацуулж, бусдыгаа
ч түших юм... Мөн ч ачтай гар юм аа... Эвэршиж хатуужсан, хар гар.. ингэд нууцхан
хүсэн хүлээсэн өдрийн хоолны цаг болж уурхайн тогоочийн хийсэн цуйвангаа хам
хум идэцгээнэ. Бас л өнөөх хар гараар... Олонхи нь цадахгүй ээ. “Дахиад
нэг хоол авья” гэх залуу хөвгүүдийн цаана Батбаяр “За даа больё доо” гээд хэдэн
хүүхэд нь нүдэнд нь тусах шиг болно. Ходоод нь цадаагүй ч, цадахаас аргагүй.
Нар жаргаж байна. Гадаа улам хүйтэрч нүцгэн гар жоотууны
бариулыг атгах нь тэсэхийн аргагүй болох үе бишгүй.
Балгасны хажууханд байх уурхайн ам руу өөрийнхөө, үр
хүүхдийнхээ амнаас сайхан үг, сайхан инээмсэглэл тодруулахын төлөө тэд уралдах
шахам орцгооно.
Орой болжээ. Гэртээ харих цаг ирлээ. Өвлийн жавартай
хүндхэн өдөр дуусаж дулаан гэртээ очих болоход тэд бүгд даарч, ядарснаа мартах
шиг. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэгчээр зарим нь зөв замаараа явлаа.
Харин нөгөө хэсэг нь амьд гарснаа тэмдэглэн ганц шил юм уухаар бөөгнөрнө.
Баятбаяр энэ удаа зөв замаараа....
Өнгөний шавар нь халцарч, дранк нь цухуйсан жижигхэн бор
байшинг чиглэн одой хүнд зориулсан мэт бяцхан хашаан хаалгаар Батбаяр сугандаа
талх хавчуулсаар орлоо. Энэ бол түүний гэр. Гэрлүү ормогц нүдэндээ галтай
нүүрэндээ цогтой долоон настай Шагай хүү “Сайн байна уу эгчээ” гэж сонжсон
харцаар сэтгүүлч намайг угтлаа. Дунд хүү 12 настай Дөлгөөн бага зэрэг ичсэн
янзтай сэтэрсэн цэцэгтэй аяга арчиж зогсоно. Харин том хүү ирээгүй л байна.
Гэрийн эзэгтэй Чимгээ урилгагүй зочин ирсэнд сандарсан янзтай инээвхийлэн
өндөлзөөд хүүгийнхээ арчсан аяганд бор цай аягалаж, тавагтай боорцгыг алгуурхан
дөхүүлнэ. Ингэж тэдний амьдралтай танилцах боломж эхэлсэн дээ.
Уурхайчны эхнэр байх тухай...
-
“Айдастай шүү. Би нөхрөө ажилдаа гарахад залбирна. Эсэн мэнд орой ирэхэд нь
бурханд талархана. Энэ л уурхайчны аюулгүй ажлын баталгаа юм даа. Цалин
мөнгөний хувьд болоод л байдаг. Гэхдээ улирлын чанартай ажил учраас бодлоготой
байж, мөнгөө хураахгүй бол дулаараад эхлэхээр амьдрал хэцүүддэг. Өвөлдөө
бол өдөр өдрийн хоолтой, ундтай болгочихно шүү” гэлээ.
Уурхайчид
дулаарахаар юу хийх вэ?
Налайхынханд
зуны улирал хэцүүхэн үе болдог нь нууц биш. Энэ гурван сар уурхайчид гэртээ
хэвтэж, өрөөс өрийн хооронд үр хүүхдээ арай ядан хоолтой нь залгана. Тэгсэн
мөртлөө заримдаа хар ус уух удаа ч тохионо. Архи ууж ажилгүй хэвтээ
гэрийн эзэнд эхнэр хүүхэд нь уцаарлан, гомдлоно. Зун цаг уурхайн ам сахисан
уурхайчны жирийн л амьдрал нэг иймэрхүү. Гадаа нартай ч гэрт хүйтэн гэдэг л энэ
байхдаа.. Харин гадаа хүйтэн ч гэрт дулаан өдрийг намар, өвлийн улирал
тэдэнд авчирдаг. Үр хүүхдийнхээ өлсөхийг хараад, уранхай хувцастай гэж
бусдын хүүхдэд шоглуулахыг үзээд сэтгэл нь сэмэрч явсан уурхайчид утааны
улиралын буянаар л гэртээ хар ус сэнгэнүүлээд биш хар талхаа бариад инээмсэглэн
ирдэг юм..
Уурхайчдын хүүхдүүдээ гэж...
Үүрд өөртөө шингээж, гэрлүү нь буцаахгүй ч байж мэдэ тэр
хар нүхрүү аавыгаа, ахыгаа, өвөөгөө горьдлого тээн үдэх хүүхдүүд...
Батбаярын бага хүү нүүрснээс ялгаагүй харлаж,
хатуужсан аавынхаа гарыг ширтэн байж: “Хүйтэн болохоор манайх их баяждаг. Аав
орой ирэхдээ зайрмаг авчраад л, гоё гутал ч авч өгдөг. Тийм болохоор би дандаа
өвөл байгаасай гэж боддог” гэж хүүхдийн цагаахан сэтгэлээр хэр барагийн цагаан
гартны ярьж дийлэхгүй амьдралын мөн чанарыг дуржигнуулж гарсан юм. Шагай шиг
хичнээн олон уурхайчы хүү бяцхан зүрхэндээ хүйтнийг мөрөөддөг болоо? Хичнээн олон
уурхайчны үр удам хүйтэн жаврыг дулаан сэтгэлтэй туулдаг болоо?
Өвөл хурдан болж байж л тэд ажлаа эхэлнэ, хүйтэрч л байвал тэд үр хүүхэддээ
талхтай очно. Уурхайн амруу орж л тэд үр хүүхдийнхээ амыг хөдөлгөнө. Нэг
уурхайн амны цаана хичнээн ам хооллодог, хичнээн амнаас инээмсэглэл тодордог
билээ дээ. Иймээс л тэд хайртай бүхнийг нь баярлуулдаг тэр л “хар нүхэнд”
учиргүй их хайртай байдаг юм....
Бичсэн: Т.Жанна
Гоё нийтлэл болжээ. Амжилт хүсье :)
ReplyDeleteBayrlalaa :)
ReplyDelete