Бодлын өрөө..

  • Нүүр хуудас
  • Миний тухай
  • Холбоо барих
  • Instegram
  • Twitter
  • Facebook

Дурсамж тэмдэглэл...

Unknown   Миний Нүдэнд...   6:38 AM   0 Comments

“Хатны инээмсэглэл”

“Хүйтэн жавар хайчив” гэж хүмүүс гайхширч байхыг тэр жил  их л дуулсан юм. Яг л намар шиг тун ч сайхан налгар өвөл байж билээ. Сэтгэлд зураастай үлдсэн тэр өдөр ч алтан нар ээсэн өвлийн өдрүүдийн нэг байсан. Би "их сургуулийн" гудамжаар нарны цацраг өөд харан явахдаа зовж 
үзсэн нь л зовсоноо таньдаг, цангаж үзсэн нь л цангаснаа ойлгодог гэсэн бодлоор толгойгоо дүүргэж, сэтгэлээ хоосруулж явсан юм.

“Хараагүй, хөлгүй тул мөнгө хайрлаач” гэж хатуу цаасанд бичээд халтар гарандаа атган суусан тэр нэгэн эмэгтэйгээс энэ бодол эхлэлтэй.
Хир тоосондоо дарагдаж,  ямар өнгөтэй нь ч мэдэгдэхээ байсан  куртик, дайхирч шороотой зууралдсан үсээ илэх тэр эмэгтэйн ажил бол нар сэрэхээс, сар айлчлах хүртэл олны хөл холхисон газар бичигтэй цаасаа тэврэн суух... Тэсэхийн аргагүй хүйтэн салхитайд ч, нулимс урсах шиг хөлс дуссан халуун нартайд ч тэр ажлаа орхих эрхгүй бололтой.
Өдөр бүр дэргэдүүр нь зөрөхдөө янз янзын л бодолд автдаг байлаа. Яаж энэ "хараагүй" гэсэн бичгээ зөв харуулаад барьчихдаг юм бол? Хөлгүй байж яаж энэ хүртэл ирдэг юм бол? гээд л... Харин заримдаа түүнийг харангуут “Эрүүл мэндээ л алдвал хүн гэдэг юу ч биш юм даа, хөлтэйсэн бол энэ эгч хичнээн сайхан гялтганасан гутал углаад хаа хүртэл гунхаж явах байсан бол, харах нүдтэйсэн бол ямар сайхан нүдээр хичнээн харцуулыг уярааж, догдлуулахсан бол??”
  Ингээд л түүний тухай  янз янзын бодол завгүй тархинд минь аль хэдийн өөрийн талбайгаа засчихсан байдаг байв. Харин тэр нэг өдөр түүний дэргэдүүр зүгээр нэг зөрөөд өнгөрөхийг хүссэнгүй. Намайг харж чадахгүй болохоор нь ч тэр үү түүнийг цоо ширтэн ажиглаад л баймаар байсан юм. Хүн гэдэг... Муухай шүү... Дутуу дулимагаар нь тохуурхаж байгаагаас ялгаа юу  байхав.
Ингэж бодсон ч ажиглан суухад нүүрээ тольдом гялгараас өнгөө алдатлаа сааралтсан олон гутал түүний дэргэдүүр зөрсөөр  байлаа. Хорь гучин минут өнгөрөхөд эмэгтэйд мөнгө байтугай "харцаа ч шидэх" хүн байсангүй. “За гэхдээ ямар албатай ч бишдээ” гэсэн хатуу бодол төрж байсныг нуух юун.
Харин харахгүй дээрээ бусдад харууламгүй болсон нүдээ хар шилээр далдалсан эмэгтэйн цаанаас нарны гэрэлт туяаг халхлахыг хүссэндээ ч  тэр үү хар шил зүүсэн өндөр сайхан залуу ирж явахад нь яагаад ч юм мөнгө "шидэх" байх гэсэн найдлага төрж байлаа. Даана ч тэр бусадтай л адил эмэгтэйг олж харах ч үгүй яваад өгсөн.  Харин түүний ард явсан жижигхэн  халтар залуу өнөөх эмэгтэйг зорьлоо шүү. Ноорхой хувцас, ногоон саравчтай малгай тохсон, жигтэйхэн хиртэй гарандаа талаас илүүг нь уучихсан ундаа барьсан болохоор л түүнийг “халтар” гэж нэрлэснийг минь уншигч та болгооно биз ээ.
Тэгээд бас болоогүй ээ, хачин их үрчлээ болсон түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байх юм. Өнөөх эмэгтэйн урд ирээд “Май энэ ундаа уугаарай” гээд халааснаасаа тасрах шахам тогтсон хэдэн “Сүхбаатар”-тай мөнгө гаргаж эмэгтэйн цалингийн хайрцаг руу хийлээ. Халтар хувцас, хагарч сайртсан гар, харгис ч гэмээр царайтай тэр үрчгэр залуугаас дэндүү сайхан тэнэгэр сэтгэл, хүнийсээгүй харц гэрэлтэж байсан нь гайхмаар...
Гэхдээ бодоод үзэхнээ гайхах ч юу байхав. Тэр цангаж, өлсөж, өвдөж зовж үзсэндээ л түүнд тусалсан биз... 


Тэр залуугийн  зовлон дундаас төрсөн төөн чинээ тус өнөөх эмэгтэйн нүүрэнд тэр өдрийн тэнгэр шиг тэнүүн сайхан хатны инээмсэглэл тодруулаад буцлаа.

Бичсэн: Т.Жанна 

Миний Нүдэнд...

Author Info

Unknown

Хүсэхээ болих цаг мөчийг л би "үхэх" гэж нэрлэнэ. Бм хүсэж, тэмүүлэхээ болиогүй цагт амьсгал хураах нь үхэл огтхон ч биш! Т.Жанна

Related Posts

No comments

Newer Post Older Post Home

Тавтай морилно уу.

Unknown
View my complete profile

Блогийн тухай..

Бид цаг минут, хором бүрт янз бүрийн зүйлийн тухай боддог. Олон хүнээс "нэг удаа ч гэсэн юу ч бодохгүй байж үзэх юмсан" гэдэг үгийг сонсож байсан. Гэхдээ бидэнд байгаа хамгийн гайхамшигт эрх чөлөө бол зах хязгааргүй бодох, түүнийгээ илэрхийлэх биш гэж үү?
Тиймээс өөрийн эрх чөлөөний ертөнцдөө тунгаасан өчүүхэн зүйлсээс энэ хуудсанд хуваалцья.

Нийтлэлүүд

  • Эмээдээ зориулав.
    “Эмээ гэдэг үг яг л гавьяатаа гэж байгаа юм шиг хүндтэй сонсогддог...”
  • Дурсамж тэмдэглэл...
    “Хатны инээмсэглэл”
  • Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
    Эцэг эхийн жаргал үр хүүхдийнхээ зөв, сайхан амьдралаар хэмжигддэг шиг санагддаг юм.. Тийм болохоор хэн бүхэн ядахнаа өөрийгөө хайрлаж, зөв ...
  • Сурвалжилсан тэмдэглэл..
                       Жихүүн  салхи хөлөглөсөн  дулаан жаргал..
  • Нүд...
    “Нүд л хардаг уу?”
  • Хайрлаж, хайраараа гоёх сайхан...
    Б.Лхагвасүрэн :Чамаараа би зөндөө гоёсон  
  • Дэлгэсэн өдрийн тэмдэглэл
    05.10.2015.
  • Боловсруулаагүй бодол...
    Өрөөсөн хайр
  • Маргаашгүй хайр...

Архив

  • ▼  2015 (15)
    • ►  May (3)
    • ▼  April (7)
      • Та аль нь вэ? :))
      • Фото сурвалжлага
      • Нүд...
      • Бяцхан буу халалт..
      • Дурсамж тэмдэглэл...
      • Өөрчлөлт бүр таниас...
      • Эмээдээ зориулав.
    • ►  March (5)

Ангилал

  • Бичлэг
  • Миний Бодол...
  • Миний Нүдэнд...
  • Уншаад ухаарахуй...

Хандалт

Дэлхийн хандалт

Найз блог

  • СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн Сургууль
    Edius шалгалтын асуулт
  • Мэргэнд буусан чоно
    НАНГИАД ХАТАН

Copyright © Бодлын өрөө..